(Англи) хэл сурах зөвлөгөө
- М.Мөнхномин
- 18. Okt. 2015
- 2 Min. Lesezeit

Орчин үед "хэлгүй бол хөлгүй" гэх зүйр үг биеллээ олж, хүн бүр гадаад хэл сурч, өөр өндөр хөгжилтэй оронд очин ажилж амьдрах сонирхолтой болжээ. Харин бүгдэд тохиолддог гол асуудал нь яаж? хэрхэн? ямар аргаар? үр дүнтэй сурах вэ? байдаг шүү дээ. Манай сайт танд энэ тал дээр багахан туслахаар мэдээ бэлтгэлээ.
1, Сонирхлоороо дамжуулж хэл сур
Хэл сурч буй ихэнх хүмүүс хэл сурч буйгаа хийх ёстой ажил, даалгавар, бүр дарамт мэтээр үзэх нь элбэг байдаг . Хэл сурахыг Англи хэлний гэрийн даалгавраа дургүйхэн гялс хийж дуусгах, сургалт дамжаанд хүчлэн байж очиж суухтай адилтгаж ойлгодог бол тийм байхаас ч аргагүй байх л даа.
Үнэндээ бол хэлний сургалтаа хичээл сургалтанд зааж буй материал, даалгавраар хязгаарлалгүй, өөрийн сонирхолтой зүйлсээрээ баяжуулвал хэл сурах нь огтхон ч уйтгартай, дарамттай зүйл байхаа болиод зогсохгүй, харин ч чөлөөт цагаараа дуртайяа хийдэг "хобби" тань болох боломжтой юм. Ингэснээр хэл сурах нь дарамтгүй санагдахаас гадна, өөрт тань сонирхолтой учраас хэл сурахад өөрийн мэдэлгүй л дуртайяа олон цаг зардаг болно.
Ер нь ажиглахад гадаадад амьдралгүйгээр хэл сайн сурсан хүмүүсийн туршлагыг харвал, сурч буй хэлээ хичээл сургалтаас гадуур нэмж өөрийн сонирхлоор сурснууд нь их амжилттай байна. Хэл сурахыг зөвхөн хичээлээр төсөөлөлгүй Англи вэб сайт, ном сэтгүүл унших (reading дасгал), найзуудтайгаа Англиар мэссэж бичилцэх, онлайн форумууд дээр бичих (writing дасгал), Англиар кино үзэх (listening дасгал), дуу дагаж дуулахыг ч (listening, speaking дасгал) хэлний дасгалаа болговол хэл хавьгүй амархан сурах боломжтой. Ялангуяа интернэт дээр хайсан бүхэн байдаг болсон одоо цагт Англиар сонирхол татсан ном сонин, вэб сайт, форум олдох нь дамжиггүй.
2. Унших материалаа амархнаас эхлүүлж аажмаар хүндрүүл
Сонирхол татаад уншиж чадаж байвал ямар ч материал унших нь хэлний мэдлэгээ ахиулахад тустай боловч өөрт хэт хүндэдсэн юм унших гэж оролдвол уйдаж нойр хүрэх, шантрах нь элбэг. Хэл дөнгөж сурч эхлэхдээ хялбаршуулсан зохиолууд авч их унш.
Эдгээр зохиолуудын үг хэллэгийг хэл сурч буй хүмүүст зориулан хялбаршуулсан байдаг бөгөөд номнуудаа амархнаас хүнд гэж ангилсан байдаг. Аажмаар унших номоо хүндрүүлсээр хялбаршуулаагүй ном унших хэмжээнд хүрч болно. Хялбаршуулаагүй ном уншиж эхэлсэн хойноо бас аль болох сонирхолтой, үг хэллэг хэцүү биш ном унших хэрэгтэй. Анхнаасаа төдий сонирхолтой биш, хэцүү зохиол унших гэж оролдоод ном унших дургүй, ном уншихыг уйтгартай гэж боддог болсон хүмүүс олон. Үнэндээ хүн болгонд үзэх дуртай кино гэж байдаг шиг хүн бүрт л уншвал сонирхох ном байдаг юм. Энэ нийтлэлийн дор жишээ болгон амархнаас хүндээр нь ангилж хэдэн ном жагсаалаа.
3. "Go the extra mile"
Аливаа зүйлд хөдөлмөрлөсний чинээгээр л ахиц гаргадгийг санаж хэл сурч байхдаа ч гэсэн өөрт хэт хүнд санагдахгүй л бол аль болохоор өөрийгөө үргэлж дайчилбал илүү хурдан ахиц гаргана.Толь бичиг хэрэглэхдээ чадаж байвал Англи-Англи толь бичиг хэрэглэх, юм уншиж байхдаа мэдэхгүй үгсээ словардах, ойлгохгүй байгаа дүрмүүдээ тодруулж судлаад бүрэн ойлгож хэрэглэж чаддаг болтлоо хэсэг дасгал хийх гэх мэтээр боломж бүрийд "extra mile" явахын чинээгээр хэлээ амжилттай, түргэн сурах нь гарцаагүй.
Ингээд танд амжилт хүсье! Эх сурвалж : bilguun.mn
Comments