Зөвхөн дэлгүүр хэсэх дуртай хүмүүст байдаг бусдаас давуу 8 чанар
- Б.Намуунцэцэг
- 18. Okt. 2015
- 4 Min. Lesezeit

1. Тэд юуг ч “таних”-даа гарамгай
Би бол муу дэлгүүр хэсэгч. Үүнийгээ ээж, эгч, найз хүүхнүүдийнхээ дэргэд илүү их мэдэрдэг. Учир нь би үнэ хямд, загвар нь дажгүй шинэлэг юм харвал азны юм гэж бодоод л түрийвчээ тэр дор нь дэлгэчихдэг. Харин жинхэнэ дэлгүүр хэсэгчид хэзээ ч тэгэхгүй. Тэд яагаад тэр бүтээгдэхүүн ийм хямдхан байгаа шалтгааныг эхлээд илрүүлнэ. “Хэрвээ чи энэ гоё загвартай хэрнээ хямд даашинзыг авах юм бол нэг их удалгүй бөөсрөх бүрт нь цэвэрлэх гэж зовно доо” гэж хэлсний дараа би гурван удаа өмсөж ч амжилгүй бөөсөрч үгээ хэлдэг. Тэгэхээр тэд хэрэггүй юм авч мөнгөө дэмий үрдэггүй гэсэн үг.
2. Тэд илүү шийдэмгий байдаг
Олон сонголтонд төөрсөн нэгэн бол шийдэмгий бус хүн. Харин дэлгүүр хэсдэг хүмүүс өөртөө байгаа цагийг маш сайн ашиглаж яг тэр цаг мөчдөө тохирсон цор ганц шийдвэрийг эрс шийдэмгий гаргадаг. Тэд цаг алдахгүй бас өөртөө ачаа нэмж олон сонголтонд орооцолдохгүй. Бүгдийг харьцуулаад хамгийн сайныг, сайхныг, сэтгэлд хүрсэнийг, санаанд таарсныг шууд л сонгоно. Хэрвээ таарахгүй бол бас л эрс шийдэмгий татгалзана. Тэдний энэ шийдэмгий байдал орооцолдсон утсыг хараад яах вэ гэж шаналж суулгүй хэдэн талаас нь татаж чангаасаар гогдоог нь гаргаж байгаа хүнтэй төстэй харагддаг. Гэрт гарсан асуудлыг шийдэх гэж тэд цаг алдахгүй. Хэрвээ өөрийгөө буруутай болохыг мэдэх л юм бол шууд л уучлалт гуйгаад өөрийгөө ч, өрөөлийг ч зовоолгүй асуудлаа шийдчихдэг. Тэдэнд олон асуудалд хутгалдаж, түүнийгээ чирч явах нь ачаагаа үүрээд дэлгүүр хэсэхтэй адил төвөгтэй санагддаг байх.
3. Тэд бол хөтөч
Тэд хайсан зүйлээс хаанаас олохоо сайн мэднэ. Хаанаас хамгийн сайныг эсвэл хамгийн мууг олж болох, чамд тохирсон газар хаана байгааг, чиний аялал хаагуур хийгдэх юм бол илүү үр дүнтэй болохыг дэлгүүр хэсэгчид нэвт шувт заагаад өгчихсөн ч чадна. Хамгийн гол нь дэлгүүр хэсдэг хүмүүс хэзээд цаг хожиж чаддаг. Наадмын гоёл, шинэ жилийн даашинз хайж бүтэн өдрөө баралгүй хаана байж болох тэр газраас нь хамгийн сайхныг олоод өөрийгөө илүү үзэсгэлэнтэйгээр харуулж чаддаг хүмүүс юм. Тэгэхээр тэднийг эрдэнэс хаана байгааг мэддэг хөтөч гэхээс өөр юу гэх вэ дээ.
4. Тэд дэлгүүр хэсэхээс жинхнээсээ таашаал авч чаддаг
Дэлгүүр хэсэх залхуутай санагддаг хүмүүст бол аялал гэдэг үг тохиромжгүй санагдаж мэдэх. Яг үнэндээ дэлгүүр хэсэх гэдэг тууштай, тэвчээртэй байж, ямарваа нэг зүйлийг хайж байх явцдаа ч шинэлэг соргог бүхнийг олж харан, эцэст нь таалагдсан зүйлээ олох үедээ асар их таашаал авч болох бяцхан аялал юм. Гэхдээ энэ аялалаас жинхэнэ аялагч л таашаал авч чадна. Гарамгай дэлгүүр хэсэгчид нэг дэлгүүр орсон ч дэмий яваад өнгөрнө гэж үгүй. Өөрөөр хэлбэл хамгийн муу дэлгүүрээс ч хэрэгтэй зүйлийг нь олоод харчихсан байдаг. Бас дээр нь өөрийгөө ядрааж өдөржин нэг л зүйлээ хайж алхахгүй. Тэд маш нарийн төлөвлөгөөний дагуу цаг хожсон бас чадвар шаардсан бяцхан аялалыг хийгээд эцэст нь аялал дуусах үед өөрийгөө дайлан, баярлуулж чаддаг жинхэнэ таашаал авагсад юм.
5. Тэд маш сайн тооцоологчид
Дэлгүүр хэснэ гэдэг бол “мөнгө үрнэ” гэсэн үг огтхон ч биш. Харин ч дэлгүүр хэсч илүү боломжийн үнэтэй бас чанартай, дээр нь нэмээд яг өөртөө таарсан хэрэгтэй зүйлээ олох асар их тооцоолол бүхий үйл ажиллагаа. Хамгийн гол нь тэд цаг бол алт гэдгийг мэддэг учраас цаг дэмий урсгахыг огтхон ч хүсэхгүй. Цаг алдалгүй онлайн дэлгүүрээс бараагаа захиалаад хүргүүлээд авсан ч дажгүй дэлгүүрийг нь олчихсон л байна. Бас тэд хэзээ ч загвар нь хуучирсан бараанд их үнэ төлөхгүй. Мөн нэг л чанартай зүйлд сайн хөрөнгө оруулалт хийдэг учраас дахин дахин чанаргүй зүйлд зориулж хэд нугалсан их мөнгө ч үрэхгүй. Тэгэхээр тэд яах аргагүй тун тооцоотой байгаа биз?
6. Тэд илүү өөдрөг хүмүүс
Хайсан зүйл нь олдохгүй байлаа ч сэтгэлээр унахгүй. Бас аялалаа зогсооно гэж үгүй. Бусад хүмүүс санаанд нь таарахгүй байлаа ч ядарсандаа эсвэл залхсандаа огтхон ч бодож байгаагүй сонголтыг хийдэг бол дэлгүүр хэсэгчид санаандаа таарсан зүйлийг олох хүртэл хайсаар л байдаг. Хамгийн гол нь тэдний бодол дотор “Хайсан зүйл заавал олддог” гэсэн уриа бий. Амьдрал дээр ч мөн адил тэд “Хүссэн л бол заавал зорилгодоо хүрнэ” гэсэн бусдаас илүү өөдрөг бодолтой байдаг.
7. Тэд хамгийн мэдрэмжтэй сонголтыг хийдэг
Би өмнө нь ч мөн хэлсэн. Тэдний мэдрэмж үнэхээр гайхалтай. Нэг л удаа өмсөөд хадгалах даашинзыг тэд хэзээ ч авахгүй. Хэрвээ бүр авах шаардлагатай болчихвол дараа нь хэрхэн өөрчилж янзлаад өмсч болох талаар бодчихсон л байх болно. Харин өдөр бүр сайхан харагдуулах даашинзыг сонгохдоо гэрт нь байдаг хуучин шаахайтайгаа хослохоор тийм л ухаалагаар шийддэг. Хэзээ ч хаана ч хэрэг болж магадгүй, хэд хэдэн талын ач тустай зүйлд хөрөнгө оруулалт хийх туйлын дуртай байдаг нь тэдний мэдрэмж барагтай алддаггүйн нэг шалтгаан байх. Бас бусдын үгэнд орж хэрэггүй зүйл авдаггүй. Найзтайгаа хамт дэлгүүр хэсч байгаад өмсч үзсэн даашинз өөрт нь таалагдахгүй бол найз нь юу ч гэж ятгасан түрийвч рүүгээ гараа явуулахгүй шүү дээ.
8. Тэдний ой санамж нэг шат илүү
Эхэндээ би итгээгүй. Тэгтэл долоо хоног бүр тогтмол дэлгүүр хэсдэг хүүхнүүд, жилд хамгийн ихдээ 3 удаа л дэлгүүрээр ороод гардаг хүүхнүүдийн хооронд ой тогтоолтын судалгаа явуултал яах аргагүй дэлгүүр хэсдэг эмэгтэйчүүдийн илт давуу илүүрхэл болж уг судалгаа дууссан байна. Судалгааны дүгнэлтээр дэлгүүр хэсдэг эмэгтэйчүүдийн өнгөний код хадгалах чадвар маш сайн байсан ба богино хугацааны мэдээлэл хадгалах ой нь бүр энгийн хүнийхээс хэд дахин илүү байсан байна. Бас тэд хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай байдаг учраас илүү урт насалдаг талаар ч судалгаа байсан. Ингээд бодохоор дэлгүүр хэсэх нь хамаагүй ашиг тустай зүйл болж таарч байгаа юм даа.
Comments