Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?
- М.Мөнхномин
- 18. Okt. 2015
- 5 Min. Lesezeit

Ямар мэргэжил эзэмшвэл ажилтай болох вэ?
Буюу сонгосон мэргэжлээ чулуу болгох нь: Заавал мэргэжил эзэмших ёстой юу? Мэргэжилгүй бол таныг ажилд авах юм уу, тэгвэл би заавал диплом өвөртлөх шаардлага алга шүү дээ гэсэн яриа хаа сайгүй тэнүүлчилнэ. Үнэхээр мэргэжилгүй юм чинь ажилд орох хэцүү шүү дээ тэгээд л гутлаа чирж гудамж метрлэх болно. Тэрний оронд аль нэг их, дээд сургуульд тоо бөглөж явсан нь дээр байх гэж хэн хүнгүй боддог болсон. Тэр дундаа сүүлийн жилүүдэд ЕБС-ийг жилдээ улсын хэмжээнд төгсөж байгаа хүүхдүүдийн 80% нь их, дээд сургуулийн хаалга татаж байна. Харин ямар мэргэжилээр аль сургуульд орж байгаагаа тухайн үедээ төдийлөн ойлгоогүй. Мөн чанартаа ойлгох ч шаардлага байхгүй юм. Яагаад ойлгох шаардлагагүй гэж, тэд тэгээд ямар зорилготой сурч байгаа юм вэ? Монголчуудын тамын тогооны үлгэрийн сонгодог жишээ Болдын, Цэцгээгийн ард үлдэхгүй юм шүү гэсэн хүүхдийн гэнэн сэтгэл дээр эцэг эхийн атаа хорсол нэмэгдэхээр их сургуулийн аянд мордохгүй байхын аргагүй. Тэгээд л бүгд сургуулийн хаалга татаж ямар мэргэжлээр сурах нь онц биш юм.
Мэргэжил гэж юу вэ?
Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг. Мэргэжил мэргэшил хоёр маань хоорондоо ялгаатай ойлголт энгийнээр хэлбэл мэргэжил гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авах харин түүгээрээ олон жил ажиллах нь мэргэшил юм. ЕБС төгсөгчдийн зарим нь хөдөө гарч мал маллаж хүний хүн болж хүүхэд гаргаж, хувиараа бизнес эрхэлж амьдралаа авч явахад нөгөө хэсэг нь хүслээ дагаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй их, дээд сургуулийн хаалга татаж ширээ бөглөх нь жил тутамд нэмэгдэж байна. /2005 онд 138019 оюутан суралцсан бол 2006 онд 142411 оюутан болж суралцсан байна/ Үүнээс харахад жилдээ дундажаар 4000 гаруй оюутан нэмэгдэж байх жишээтэй. Арга ч үгүй юм даа атаархуу зан нь суралцахад хачир болж өгдөг биз. Ер нь хүүхэд хэддүгээр ангидаа мэргэжилээ сонгох ёстой вэ гэдэг нь ээдрээтэй асуудал бөгөөд зарим нэг нь өөрийнхөө мөрөөдөл дээр алсын хараагаа нэмээд 6, 7-р ангиасаа мэргэжилээ сонгоод Эмч, Багш, Бизнесмен болно гээд тэр чиглэлийнхээ хичээлийг барин суралцаж байхад нөгөө хэсэг нь конкурс өгч гарч ирээд мэргэжилээ сонгох нь их.
Оюутнуудаас авсан судалгаанаас харахад 30% нь одоо сурч байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун биш гэж хариулснаас харахад өөрийн сурч байгаа мэргэжилээ буруу сонгосноос болжээ. Мэргэжил бол ирээдүйн амьдралын удирдлага гэж ойлгож болно. 4 жил сонирхолгүй юманд цаг заваа барснаас сонирхдог мэргэжилээрээ жил өнжөөд ч хамаагүй сурах хэрэгтэй. ЕБС–ийн сурагчдаас авсан судалгаагаар Монгол улсад нийтдээ 50 мэргэжил байдаг юм шиг нэрлэсэн байгаа юм. Энэ нь зөвхөн тэдний буруу ч биш нөгөө талаараа шүтэн бишрэгч болох эрхэмсэг багш нар маань энэ тал дээр маруухан мэдлэгтэй учир Монголд 7000 гаруй мэргэжил байгааг мэдэхгүй байх нь ойлгомжтой юм. Тэд л зааж сургаж хэлж, сурталчилж өгөхгүй бол сурагчид нөгөө л хууль, эдийн засаг руугаа хошуурна шүү дээ.
Сурагчдаас авсан судалгаагаар харахад эхлээд мэргэжилээ биш сургуулиа сонгох нь их бөгөөд ямар ч ангид орсон ч хамаагүй улсын сургуульд орно гэдэг. Тухайн сургуульд нь тэр мэргэжилтэнг бэлтгэдэггүй ч хамаагүй ойролцоо юм чинь энэ чиглэлээр сурчихъя гээд өөр ангид орчихдог. Нөгөө талаас оноо таараад сургууль авч байвал аль сургуульд ямар ч мэргэжилээр хамаагүй сурчихъя даа гэсэн гутранги үзэлтэнгүүд олон. Энэ бүхэн нь ирээдүйд ажиллах ажлын байрны эрэлтийг хаах цайз хэрэм нь юм. Нэг ёсондоо цамаан ажилгүйчүүдийн жагсаалтыг уртасгаж байна гэсэн үг.
Зарим оюутнууд салан пүлэн 4 жил сурсан болж, чадан ядан хуулж шалгалтаа өгсөн болчихоод ажил олдохгүй байна гээд гүйгээд байдаг нь инээд хүрмээр! Тэгээд бас яаж ажил голж чадаж байнаа. Гэтэл мөн чанартаа эхлээд өөрийн сонирхсон мэргэжилээ сонгоод /магадгүй онгоцны жолооч/ тууштай суралцвал ирээдүйд урт удаан хугацаанд хоолоо олох магадлалтай нь судалгаанаас харагдлаа. Тиймээс монголд төдийгүй дэлхий нийтэд 7000 гаруй мэргэжил байдаг гэдгийг л сайтар ойлгох хэрэгтэй. Жишээ нь хими цэвэрлэгээний ажилтан хүртэл мэргэжил шүү дээ.
Мэргэжил сонгоход баримтлах зүйл
Мэргэжил сонгоход нэн чухал нь алсын хараа. Монголчууд ярьдаг хэдэн уулын цаадхыг харж ярь гэж өнөөдөр нэг хэсэг нь ийм мэргэжилтэй болох нь ирээдүйд хэрэгтэй гэдэг энэ бол аман яриа. Үүнд суурилж биш судалгаа шинжилгээнд тулгуурлан эрэлттэй мэргэжлийг сонго. Нэг хэсэг манайхан бүгд л хуульч, эдийн засагч болсон.
Жилд төгсөж байгаа эдийн засагч, хуульч нь ажлын байрнаасаа даваад гарчихсан. Иймэрхүү байдал үргэлжилсээр зарим мэргэжил нь илүүдэж нөгөө нь дутагдаж байгаа. Тэгэхээр энэ мэргэжил миний амьдралд төдийгүй манай улсад ямар чухал бөгөөд дэлхийн зах зээл дээр хөрвөх чадвараа чухалчлах хэрэгтэй. Магадгүй та аль нэг улсад цагаачлах, урилгаар ажиллах асуудал гарч болзошгүй тиймээс л алсын хараатай бай.
Ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгоход олон хүчин зүйл нөлөөлнө. Эцэг эхийн мэргэжил, нийгмийн шаардлага, эдийн засаг, цалин хангамж, ажлын байр гэх мэт тэр болгоноос ашигтай бөгөөд өөрт хэрэгтэйг нь авах нь л чухал. Судалгаанд оролцсон сурагчдын 37.3 % нь сонирхолоо дагаж сонгоно гэжээ. Мөн чанартаа бол хамгийн зөв сонголт энэ юм. Аав ээж нь эмч учир хүүхэддээ мэргэжилээ өвлүүлнэ гэж ярьдаг гэтэл хүү нь сонирхдоггүй бол дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ гэгч юм болно.
Тэгээд ч амьдрал дээр гараад мэргэжилдээ сонирхолгүй зүгээр л дипломны гол болох магадлал их. Сонирхолоо дагаагүй учир сурах идэвхи сул, алсын бодолгүй байдаг. Мэргэжилээ буруу сонгосноос болж ирээдүйд энэ мэргэжлээрээ ажиллахгүй гэж 11.8% нь, хэлж мэдэхгүй байна гэж 22.4 % нь хариулсан байна. Энэ нь сонирхолгүй, сурч чадахгүй ангидаа орсоны тод жишээ. Нийгмийн хичээлдээ сайн хүүхэд оноо таараад ч юмуу бинго ашиглаад улсын сургуулийн математик, физикийн ангид орчихвол 3 жил сурч чадахгүй сургуулиасаа үдэлт хийлгэх болно.
Ямар ч сайхан өнгийн диплом авсан ч амьдрал дээр ашиглаж чадахгүй байгаа Дипломтонгууд ажилгүйчүүдийн эгнээг чимэх нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Нэг ёсондоо энэ нь зөвхөн тухайн суралцагчдын буруу биш юм. Ирээдүйд зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн судалгаа шинжилгээ байхгүйн зэрэгцээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ байгууллагууд муу ажиллаж байгаа нь нэг буруутан. Эрэлт нийлүүлэлтээ судлан түүндээ тохируулан мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй. Тухайн суралцагч төгсөөд шууд ажлын байртай болно гэж боддог энэ бол эндүүрэл төгсөөд 5 жил ажилгүй байгаа хүмүүс одоо ч байна.
Ажилтай болохын тулд дипломноос гадна олон хүчин зүйл байдаг түүнийг л олж тогтоох нь чухал. Сүүлийн жилүүдэд ирээдүйн багш, эмч нар ажлын байртайгаа гэрээгээр суралцах болсон. Одоогийн байдлаар Монгол улсад 151 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа ба дийлэнхи Их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалт нь математик дээр суурилсан байдаг.
Жишээ нь МУИС-ЭЗС-ийн бүх мэргэжилүүд (Эдийн засагч, статистикч, хүн ам зүйч, менежер, маркетингийн менежер, олон улсын худалдааны эдийн засагч, нягтлан бодогч, татварын нягтлан бодогч, санхүүгийн менежер, банкны менежер, даатгалын менежер, төсвийн менежер, санхүү мэдээлэл зүйч, санхүү эдийн засагч гэх мэт) гэхэд 100 хувь математик байдаг билээ. Өөр нэг жишээ татвал манай улсын ирээдүйтэй мэргэжилүүд болох барилга, уул уурхайн гэх мэт инженерийн мэргэжилүүд бүгд математикт суурилдаг. Мөн үүнээс гадна Монгол улсын засгийн газар болон дэлхийн 20 орчим улсын (Хятад, Япон, Солонгос, Орос гэх мэт) засгийн газруудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж Их дээд сургуулийн 1-2-р дамжааны оюутнуудад байдаг билээ. Энхүү шалгалт нь мөн л ерөнхий боловсролын математик болон англи хэлний мэдлэгийн түвшинд шалгаруулдаг тул та зөвхөн өөрийгөө ЭЕШ-д бус дээрх шалгалтанд давхар бэлдэж байна гэсэн сэтгэлээр бэлтгэх хэрэгтэй. Эдгээр улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрэв тэнцсэн тохиолдолт сургалтын төлбөр болон амьдрах байрыг дээрхи улсуудын засгийн газраас 100 хувь хариуцдагаас гадна улс бүр амжиргааны тэтгэлэг олгодог билээ. Жишээ нь: Япон улс гэхэд сард 1500 долларын тэтгэлэг өгдөг байна. Мөн дээрх улсуудад засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоо жил бүр өссөөр (БНХАУ гэхэд 2010-2011 хичээлийн жилд 147 оюутан элсүүлнэ, ОХУ гэхэд жил бүр 200-аад оюутан элсүүлдэг гэх мэт) байна.
эх сурвалж : mathematic.blog.gogo.mn
Comments